OKR - ийг амжилттай хэрэгжүүлэх нь

Эрчимтэй өөрчлөгдөн, хувьсаж  буй өнөөгийн нийгэм, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан байгууллага, компанийн хүний нөөцийн бодлого, ажил үүргийн арга барил, өндөр чанартай ажил гүйцэтгэлийг бий болгох арга ухаан, түүнийг нь оновчтой үнэлэн урамшуулах гээд олон тал, олон салбарт өөрчлөлт шинэчлэлт шаардагдах болсон. 

Энэ цаг үед байгууллага, компанийн зүгээс цөөн тооны ажиллах хүчнээс өндөр хэмжээний үр ашиг гаргуулах сонирхолтой байдаг бол ажилтны хувьд гүйцэтгэлдээ тохирсон цалин урамшуулал, ажилласан хичээл зүтгэлийг нь үнэлэн хүлээн зөвшөөрч магтан сайшаасны дүнд  түүнийгээ даган ажиллах урам зориг нь нэмэгдэж,  бүтээмж нь сайжирч байдаг. Ажилтан болон удирдлагын хоорондын харилцан ойлголцлыг бий болгон хүсэл шаардлага, зорилгыг нь  нэг чигт хандуулснаар байгууллагын эрхэм зорилго, алсын хараа биеллээ олон эрүүл, зөв соёл бүхий байгууллагыг бий болгож чадна. 

Энэхүү зорилгод хүрэхийн тулд гүйцэтгэх чухал алхмын нэг бол OKR (Objective Key Result) аргачлалыг амжилттай хэрэгжүүлэх ба энэхүү аргачлал нь удирдлага, хэлтэс нэгжийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн нэг зорилго зорилт дор нэгдэн түүнийгээ системтэй, логиктойгоор хэрэгжүүлэн, амжилттай биелэлтийг тоон үзүүлэлт, стандартын дагуу батлан харуулах цогц арга аргачлал юм. 

Энэхүү аргачлалыг  Google, Linkedin, Twitter, Uber зэрэг дэлхийн олон алдартай бренд компаниуд амжилттай хэрэгжүүлэн таниулсан ба хамгийн гол зорилго нь баг хамт олны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоор дамжуулан аливаа зорилго нь амжилттай биелэн түүний үр дүнд хамтдаа урагшлах процессыг бий болгох юм. 

Манай улсад ч мөн олон байгууллага компани, хувь хүмүүс энэ талаар судлан сонирхож турших болсон ба  тэдгээр байгууллага, компанийн төлөөлөл болсон "Ви Интернейшнл" ХХК ийн удирдлагуудтай  хамтран  энэ сарын 06 ны өдөр OKR сургалт хөтөлбөрийг зохион байгууллаа. 

"Ви Интернейшнл" ХХК нь дэлхийн 40 гаруй орноос өндөр чанар бүхий брэнд бүтээгдэхүүнүүдийг эх орны зах зээлд борлуулалтын өргөн суваг, орчин үеийн шилдэг технологи ашиглан нийлүүлдэг ололт амжилттай яваа шилдэг хамт олон юм. 

Тус компани нь байгууллагынхаа хэмжээнд OKR аргачлалыг туршин хэрэгжүүлж эхэлсэн ба байгууллагынхаа соёлд нэвтрүүлэн өөрчлөлт шинэчлэлийг эрэлхийлэн ажиллаж байна. "Ви Интернейшнл" ХХК -ны цаашдын өсөлт дэвшилт, үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.