Байгууллагын сэтгэл судлал гэж юу вэ?

Байгууллагын сэтгэл судлал нь нийгмийн шинжлэх ухааны бусад салбартай харьцуулахад харьцангуй залуу салбар хэвээр байна.

Тиймээс хүмүүст энэхүү салбарын талаар дурдвал магадгүй бие хүний сэтгэл зүйтэй холбоотой сэтгэл судлаач нарт илүү тохирох асуултыг сонсож магадгүй юм. Гэсэн хэдий ч олон байгууллага, компаниуд мэргэжлийн бэлтгэгдсэн байгууллагын сэтгэл судлалын мэргэжилтнүүдийн үнэ цэнийг ухамсарлан тэрхүү мэргэжилтнүүдэд байгууллага, компанидаа орон зай гаргах болсон ба дэлхий даяар байгууллагын сэтгэл судлал улам хүчээ авсаар байна.

Өнөө цагт үр ашиг гэгч зүйл бүх салбарт нэн чухалд тооцогдох ба ямар ч нөхцөлд алдагдлыг бууруулах нь байгууллага компанийн гол зорилго нь юм. Энэхүү асуудлын шийдлийг байгууллагын сэтгэл судлалаас хайх нь оновчтой шийдвэр байх болно.

                                

Байгууллагын сэтгэл судлал гэж юу вэ?

Энгийнээр тайлбарлавал бие хүний сэтгэл судлалын зарчмуудыг байгууллагад хэрэгжүүлэх гэж ойлгож болох юм. Бие хүний сэтгэл судлал нь хүний зан төлөв,  үйлдлийн талаарх ойлголтыг тусгах гэвэл байгууллагын сэтгэл судлал нь хүмүүсийг ажил мэргэжлийн цар хүрээнд нь тухайн хүний зан төлөв, үйлдлийг ойлгох гэж тайлбарлаж болно.

Байгууллагын сэтгэл судлаач нь ажилтан, ажил мэргэжил, мөн түүнчлэн нэгж хоорондын ялгаатай талыг судлан тэрхүү мэдлэг мэдээллийг байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн төлөө ашиглах зорилготой ба үүний тулд маш нарийн, төвөгтэй дата мэдээллүүдэд дүгнэлт шинжилгээ хийх тал дээр бэлтгэгдсэн байдаг. Тэрхүү мэдээллүүдийг нягтлан шалгаж тодорхой үр дүнд хүрэхийн тулд хүний зан төлөв, үйлдлийг тоон мэдээлэлд хувирган тооцоолдог.

Ажилтнуудын сэтгэл ханамж болон гүйцэтгэлийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Ажилтнуудаа илүү сайн идэвхжүүлэн мотивацжуулах ямар арга байна вэ?

Яавал нэг ажилтныг нь  нөгөө ажилтнаасаа илүү бүтээмжтэй ажиллуулах вэ?

Эдгээр бүх л асуултыг хариуг байгууллагын сэтгэл судлаач өгч чадах хэдий ч байгууллагын хамгийн их анхаарлыг татах асуулт нь  Хэрхэн яаж чадварлаг ажилтныг ажилд авах вэ?

Байгууллагын сэтгэл судлаач илүү чадварлаг ажилтныг авах тал дээр хэрхэн туслах вэ?

Хүний зан төлөв... тэр зүйл нь байгууллагатай хэрхэн холбогдож байгааг ойлгох нь байгууллагын сэтгэл судлалын суурь гэж ойлгож болно.  Энэхүү мэдлэгээ үйлдэл болгон практик дээр хэрэгжүүлэх нь зардлыг бууруулан,  үр ашгийг дээшлүүлэх, бүтээмжийг эрс нэмэгдүүлэхээс эхлээд бизнесийн бүх л түвшинд эерэг нөлөөг үзүүлж чадна.

Гэхдээ энэхүү үр дүнгийн биелэлт нь нэг л зүйлээс үүдэлтэй байж болно: Сайн, чадварлаг ажилтныг ажилд авах.

Бодож үзэхэд, муу ажилтан мэдээж сайн ажилтантай харьцуулахад бүтээмж султай, илүү залхуу, арвич хямгач биш байх талтай. Байгууллагын сонгон шалгаруулах процесс нь боломжтой хэмжээнд хамгийн сайн ажилтныг авах тал дээр боловсруулагдсан байдаг бол энэ нь байгууллагын гүйцэтгэл, үр ашиг бүтээмжид шууд нөлөөлөх болно.

Тэгвэл байгууллагын сэтгэл судлал энэ тал дээр хэрхэн туслах вэ?

Дээр дурдсанчлан байгууллагын сэтгэл судлаач нь дата мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж, хүмүүсийн зан төлөвийн ялгааг судлан түүнийгээ байгууллага дээр хэрэгжүүлэх тал дээр бэлтгэгдсэн байдаг. Хэрвээ байгууллага  сонгон шалгаруулалт хийхдээ шинжлэх ухаанд суурилсан, батлагдсан өгөгдөл мэдээлэлд суурилагдсан мэргэжлийн арга, хэрэгслийг ашигладаг бол байгууллагад нэн шаардлагатай ур чадвар юу болох?

Ямар зан төлөв, онцлогтой хүн манай байгууллага хамт олонд хамгийн сайн тохирох вэ?

Ямар төрлийн зан төлөв байгууллагад хор хөнөөлтэй болох гэх мэт хүний нөөцийн менежерийн хариулахад бэрхшээлтэй олон асуултын хариултыг олох боломжтой. Байгууллагын сэтгэл судлалын салбарын тест оношлогоо, аргачлалаар дамжуулан амжилттай гүйцэтгэл, өөрчлөлт шинэчлэлийг бий болгох бүрэн боломжтой юм. 

Эх сурвалж: 

https://blog.psionline.com/talent/what-is-i/o-psychology-and-how-can-it-help-you-hire