Энэ сарын 11, 13-14-ний өдрүүдэд ORP Институтээс Монголд анх удаа хувийн хэвшлийнхэнд зориулан явуулсан HR SELECTION WORKSHOP маань маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн бөгөөд байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор, ORP Институтын ерөнхий захирал И Ён Сог хүний нөөцийн салбарт ажилласан 30-аад жилийн арвин туршлага, мэдлэгээсээ хуваалцсан юм.
Сургалтын маань танилцуулга хөтөлбөр 2016 оны 6-р сарын 11-ний өдөр Бишрэлт зочид буудалд явагдсан бөгөөд уг танилцуулга дээр ORP Институт болон Монгол төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа, чиглэл, төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Монголд анх удаа хэрэгжүүлж буй Сонгон шалгаруулалтын аргачлалын нэг болох Зан төлвийн тестийн тухай танилцуулав.
Харин 6-р сарын 13-ны өдөр ORP Институын дэргэдэх Talents Assessment Institute-ийн 10-аад жилийн судалгааны үр дүнд мэндэлсэн TAIPI зан төлвийн тестийн сертификат олгох вөркшопыг зохион байгууллаа. Уг тест нь сонгон шалгаруулалтын үед ажил горилогчдын ур чадвар, мэдлэг, туршлагаас гадна богино хугацаанд дүгнэгдэж танигддаггүй хүний зан төлөв, ажилд хандах хандлага, байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, баг хамт олон дунд нийцэх эсэх үзүүлэлтүүдийг тодорхойлдог тест юм. TAIPI тест маань дэлхий нийтээр байгууллагын сонгон шалгаруулалтад өргөн ашиглагддаг зан төлвийн олон тестүүдээс дорнын соёл, ази хүний зан төлвийн онцлогт тохируулан боловсруулсан, мөн монгол, англи, солонгос хэл дээр онлайнаар өгөх боломжтой зэрэг олон онцлог, давуу талтай билээ. Энэ удаагийн вөркшопдоо бид уг тестийг хэрхэн сонгон шалгаруулалтад ашиглах, тестийн тайлан мэдээллийг хэрхэн ойлгох, цаашлаад хүний нөөцийн бусад функцуудэд хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбар хийж байгууллага дээрээ туршиж үзэх боломжийг олгосон билээ.
Ярилцагч бэлтгэх вөркшоп маань сонгон шалгаруулалт өөрөө ямар зарчим, дэс дараалал, системтэй явагдах ёстой байдаг, тухайн ажлын байрны шалгуур үзүүлэлтүүд болон дүгнэх ур чадвар юу байх ёстой, competency model буюу цогц ур чадварын модель гэж яагаад байх ёстой талаар мэдээлэл өгч, Азийн бар улсын нэг БНСУ-ын хүний нөөцийн салбарын туршлагаасаа мэргэжилтэн багш нар маань хуваалцсан юм. Мөн сонгон шалгаруулалтын үед хэрэглэдэг ярилцлагын олон хэлбэрүүдээс Behavior Event Interview буюу Үйлдэл/Туршлагад суурилсан ярилцлагыг хэрхэн хийх вэ, асуултаа хэрхэн зөв боловсруулах, хэрхэн зөв тавих, ямар алдаа гаргаж болохгүй талаар ярилцаж дадлага ажил явуулсанаар оролцогч нар маань хүндээ чиглэсэн, практикт суурилсан өгөөжтэй сургалт боллоо хэмээн дүгнэж сэтгэл хангалуун буцацгаалаа.
Энэ удаагийн манай workshop-т хамт олноороо маш идэвхитэй оролцож Монголын хүний нөөцийн салбарт ямагт тэргүүлэгч байж, шинийг эрэлхийлж байдаг Хаан банк, Скайтел Групп, Мобиком корпораци, MCS Эстэйтс, Анун, Эрдэнэт үйлдвэр, Петровис, Номин Холдинг, Ногоон Жейд боловсролын төв, Эмээлтийн үйлдвэрлэл технологийн парк зэрэг ТОР аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал дэвшүүлье.
Мөн хамтран зохион байгуулсан, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ номын маань редактороор ажилласан Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Бартанбаатар болон тус институтын нийт хамт олонд гүн талархал илэрхийлье.
Бидний зохион байгуулсан СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ-ын вөркшопт оролцож амжаагүй, оролцох хүсэлтээ ирүүлсээр байгаа байгууллага хамт олонд хандаж хэлэхэд бид дараагийн вөркшопоо ирэх 9-р сард зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул та санал хүсэлтээ orpmongolia@orp.co.kr хаягаар, мөн ORP Mongolia facebook page хуудсанд хандан илгээж болно. Мөн бидний эрхлэн гаргасан "ШУ-нд суурилсан СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ" номноос сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэгийг авч болохыг дуулгахад таатай байна.