Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд СШ-ын сургалт зохион байгууллаа

 

  Бид 2023 оны 9-р сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Ур чадварт суурилсан сонгон шалгаруулалт зохион байгуулах арга аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг И Ён Сог профессор удирдан явуулсан бөгөөд энэхүү сургалтаараа хүний нөөцийн ажилтнуудад сонгон шалгаруулалтын арга аргачлал, Солонгос улсын туршлага, баримтлах зарчим, ажлын ярилцлагыг хэрхэн хийх, ажил горилж буй хүнийг хэрхэн таних зэрэг олон сэдвээр бодит туршлагаа хуваалцав.

 Эрдэнэт үйлдвэр 2022 оноос тус үйлдвэрт иргэнийг ажилд авах, хүний нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулалт зохион байгуулах журам батлан хэрэгжүүлж байна. Энэ журмын дагуу бичиг баримтын шалгаруулалт, мэргэжлийн шалгалт авах, эрүүл мэндийн байдал гэсэн 3 үе шаттай шалгалт авч, хэрэв тэнцсэн тохиолдолд ажилд авахыг санал болгох дарааллаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.

 Шалгалт авах шат нь дотроо онолын мэдлэг, ур чадварыг чадамжийн стандартаар тогтоох, харилцаа хандлага, ёс зүйн шалгуур хангаж буйг шалгах зэрэг гурван хэсэгтэй ч харилцаа хандлага, ёс зүйн шалгуурыг хэрхэн тогтоож, шалгах аргачлалд дутуу дулимаг хүндрэлтэй асуудлууд гарч байсан нь уг сургалтад хамрагдах хэрэгцээ шаардлагыг бий болгосон байна. Сургалтаар Солонгос улсын сайн туршлагаас суралцан, сэдэвчилсэн болон тодорхой үйл явдал дээр үндэслэж ярилцлага хийх, тухайн иргэн зан төлөвийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл, байгууллагын соёл, тухайн ажлын байранд тэнцэх эсэхийг бодитой асуумжаар тодорхойлох зэрэг дадлага хэлбэрээр явуулж буй нь өгөөжтэй боллоо гэж хүний нөөцийн мэргэжилтнүүд үнэлсэн байна.