Үнэлгээний тогтолцоог сайжруулах сургалт зохион байгууллаа

ORP Институтын хувьд сүүлийн үед байгууллагын захиалгат сургалт дээр илүү төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд энэ удаад бид АПУ ХК-ийн хүний нөөцийн газрын хүсэлтээр "Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээний аргазүй" сургалтыг зохион явууллаа. 

Ер нь аль ч орны, ямар ч салбарын байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг оношлоход үнэлгээний тогтолцоо хамгийн муу, сул үзүүлэлттэй гардаг. Үнэлгээ шударга бус байна, үнэлгээг субъектив хийж байна, үнэлгээний үзүүлэлт буруу байна, миний ажлыг зөв үнэлэхгүй байна, үнэлгээ хийсний дараа фийдбек өгөхгүй байна гэх мэт шалтгаануудыг ажилтнууд хэлдэг. Гэтэл Монголын компаниудын хувьд дээрх асуудлууд дээр нэмээд үнэлгээг зүгээр л цалин, бонус бодох зорилгоор хийдэг, нэр төдий үйл ажиллагаа болоод өнгөрөхөөс биш ажилтны гүйцэтгэлийг сайжруулах хөшүүрэг болдоггүй гэх мэт асуудлууд гардаг. 

Эдгээр асуудлуудыг нэг дор ганцхан сургалтаар шийдэхэд бэрхшээлтэй ч, үнэлгээний тогтолцоог хэрхэн зөв бүтцэд оруулах вэ, үнэлгээний процессыг хэрхэн зөв зохион байгуулах вэ, үнэлгээний хугацаа ямар байх вэ, хэн хэн үнэлгээг хийх вэ, үнэлгээ объектив байлгахын тулд үнэлгээчдийг хэрхэн үнэлгээний арга барилд сургах вэ, үзүүлэлтийн зөв бурууг хэрхэн тогтоох вэ, үзүүлэлтийн хэрхэн боловсруулдаг вэ, зорилт тодорхойлох ярилцлага болон явцын хяналтын ярилцлагыг хэрхэн удирдан явуулах вэ, хэрхэн зөв фийдбек өгөх вэ гэх мэт олон агуулгыг дээрх сургалтаар хүргэдэг билээ. Мэдээж ийнхүү өөрчлөлт хийхэд үе шаттайгаар төлөвлөлт, дизайн хийж, ягштал төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлж байнгын follow-up хийх шаардлагатай. 

Оролцогчид маань цаашид баг хамт олныхоо харилцаа болон ажил гүйцэтгэх арга барилаа өөрчилж хүн бүр баг хамт олныхоо төлөө өөрчлөлт хийх зорилго тавин буцлаа. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж буй танай баг хамт олонд амжилт хүсье.