ToP Facilitator бэлтгэх сургалт

 

Фасилитейтор/Facilitator/ хэмээх тийм ч танил биш хэл хугалчихмаар энэхүү нэр томъёог бид ашигласаар аль хэдийн 4 жилийн нүүр үзсэн байна. Facilitation /Facilitate/ гэдэг үгийн үндсэн утгыг аваад үзэхээр аливаа зүйлийг хөнгөвчлөх, хялбарчлах, идэвхижүүлэх, эрчимжүүлэх гэсэн утгуудыг агуулдаг бөгөөд фасилитейтор нь аливаа баг нэгж, байгууллагын хурал, уулзалт, сургалт, воркшоп болон аливаа асуудлыг хэлэлцэх бүх төрлийн зөвлөгөөн, чуулга уулзалт, форумаас "хэрэгжүүлэлт"-д чиглэсэн үр дүнг гаргаж авдаг хүн юм. Оролцогчдыг тухайн сэдэв болон асуудалд бүрэн чиглүүлж хүн бүрийн оролцоог бий болгож идэвхижүүлсэнээр хий дэмий ярьсаар байгаад шийдлээ ололгүй өнгөрдөг үйл ажиллагаануудын сул талыг нөхдөг хэмээн ойлгож болно. 

 

 

Тэгвэл фасилитейшн хийх нь яагаад чухал болсон бэ гэдэг тухай авч үзье.

Канадын ICA олон улсын байгууллагын зорилго нь HUMAN DEVELOPMENT юм. Хүн өөрөө хөгжиж чадавхижиж чадвал аливаа байгууллага, community хөгжинө, нийгэм хөгжинө, улс хөгжинө гэж үздэг тул хүнд агуулагдан буй чадвар, ухаан/wisdom/, нөүхау зэрэг бүхий л нөөц баялагийг хэрхэн яаж гаргах вэ гэдэгт чиглэсэн төрөл бүрийн аргачлалуудыг боловсруулсан байна. Эдгээр аргачлал нь хүн аливаа том жижиг ямар ч асуудал, сэдвийн хүрээнд өөр өөрийн гэсэн арга барил, гаргалгаа, шийдэлтэй байдаг ч ганцаараа толгойдоо бодоод явах биш түүнийгээ хэрэгжүүлж ажил болгох, ядаж хоорондоо хуваалцаж олон санал, санаачлага, шийдэл дундаас нэг бодит, үр дүнтэй аргыг сонгох нь хавьгүй илүү үр өгөөжтэй байдгийг нотолсон юм. Хүн бүрийг оролцуулж амаар, бичгээр ямар нэгэн аргаар тухайн асуудал, сэдэвт хүн нэг бүрийн санал санаачлагыг тусган оруулах нь маш энгийн хирнээ гайхамшигтай үр дүнгээ өгдөгийг энэ аргачлалыг хэрэглэж үзсэн хүмүүс шагшицгаадаг билээ. Үүний нэг жишээ нь АНУ-ын GE компани юм. CEO асан Jack Welch анх workout town meeting нэртэйгээр нэвтрүүлж байсан бөгөөд өдийг хүртэл байгууллагын хэмжээнд явагддаг бүхий хурал, уулзалт, воркшопууд энэхүү аргачлалд суурилсан байдаг. 

 

 

Фасилитейшны маш олон аргачлал, төрлүүд байдгаас фасилитейшны А үсэг хэмээн нэрлэж болох CWM/Consensus Workshop Method/ болон Focused Conversation Method-ыг эзэмшүүлэх Group Facilitation Method сургалтыг өнгөрсөн 5-р сарын 1,2-ны өдрүүдэд бид зохион явууллаа.  Энэ нь Certified Facilitator зэрэг авах үндсэн сургалт юм. Энэхүү сургалтыг ICA байгууллагын албан ёсны эрхтэй trainer, олон улсын Certified ToP Facilitator зэрэгтэй И Ён Сог, Certified Professional Facilitator зэрэгтэй Юү Хи Жэ багш нар удирдан явуулсан билээ. 

 

 

Өнөөдрийн байдлаар дэлхийд 600 гаруй, азид 250 гаруй мэргэшсэн фасилитейтор бэлтгэгдсэн гарсан байдгаас Монголд нэг л хүн байдаг. Тус фасилитейторуудыг ICA, IAF/International Association of Facilitators/ болон тухайн улс орон бүрийн Фасилитейторуудын Холбооноос бэлтгэн гаргадаг билээ. Бид ч гэсэн одоогийн байдлаар MFA /Монголын Фасилитейторуудын Холбоо/-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид олон чадварлаг фасилитейторуудыг бэлтгэн гаргаж байгууллага, нийгэм, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.