Бид Монголын эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах зорилго бүхий “Continuing Professional Development” төсөлд оролцон эмч мэргэжилтнүүд байгууллагынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахад хувь хүн талаасаа ямар өөрчлөлт шинэчлэлийг хийж болох тухай цуврал вөркшоп зохион байгуулсаар 4 дэх жилтэйгээ золголоо.
Энэ хугацаанд багагүй өөрчлөлт, ололтыг авчирч түүнийхээ үр дүнг хэлэлцэн амжилт өндөртэй нэгнээ урамшуулан 2016 оныг өөрчлөлт, шинэчлэлийн ургац арвин сайхан үдэцгээлээ.
Төслийн хүрээнд сургалт авдаг байгууллагуудын нэг бол Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлэг билээ. Хэдий төрийн байгууллага, хүний нөөцийн удирдлага хөгжлийн бүхий л процесс нь “ДЭЭР”-ээс шууд хамааралтай ч гэсэн хүнээ хөгжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын төлөө тууштай зүтгэж буй хамт олноос бүрдсэн эерэг энергитэй байгууллагууд юм.
Хүний нөөцийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх зорилготой цуврал хичээлүүд маань өнгөрсөн онд “Ажил үүрэг, албан тушаалын тогтолцоо(Зэрэг дэвийн тогтолцоо)”, “Сонгон шалгаруулалтын тогтолцоо”, “Үнэлгээний тогтолцоо ба Гүйцэтгэлийн менежмент” гэх мэт сэдвээр явагдаж дууслаа. Оны сүүл мушгин зохион байгуулагдсан “Үнэлгээний тогтолцоо ба Гүйцэтгэлийн менежмент” сургалт маань урьд урьдынхаас илүү оролцогчдын талархлыг хүлээсэн, асуудлыг нь шийдвэрлэх гарц болж чадсан сургалт байсан тухай хүн бүр шагшин ярьцгааж байлаа.
Учир нь хийсэн ажлаа шударга, зөв дүгнэх, дүгнүүлэх, өөрийн хийсэн ажилдаа өөрөө бодитой дүгнэлт хийх, ажлынхаа зорилго, зорилтыг бүрэн ойлгож ажиллах зэрэг нь тухайн хүний ажилдаа сэтгэл ханамжтай байгаа эсэх, ажлаасаа урамшиж мотиваци авч байгаа эсэхтэй шууд холбоотой асуудал юм. Хүн амьдралынхаа 1/3-ийг ажлын байран дээрээ өнгөрөөдөг бөгөөд энэ цаг хугацааг хэдий хир аз жаргалтай, сэтгэл ханамжтай байгаагаас тухайн хүний бүтээмж ямар байх нь шалтгаална.
Мөн бид өмнө нь “Ажил үүрэг, албан тушаалын тогтолцоо” хичээлээр хүн бүр өөр өөрсдийн гүйцэтгэдэг ажил үүргийг нарийвчлан боловсруулж шинэчилж гаргасан “Ажлын байрны тодорхойлолт” болон тухайн ажлын зорилго, зорилттой ҮНЭЛГЭЭ-г хэрхэн зөв холбож тухайн хүний гүйцэтгэл, бүтээмжийг хэрхэн зөв, шударга үнэлэх тухай арга аргачлалыг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн тасаг нэгжийн кейс дээр үндэслэн зааж сургасан билээ. Ялангуяа оролцогчдоор өөрсдөөр нь гүйцэтгэлийг үнэлэх түлхүүр үзүүлэлт буюу KPI-ийг боловсруулуулсан нь сургалтыг илүү ойлгомжтой болгож бодит чадварыг эзэмшүүлж чадсан хэрэг байв.
Хичээлийн агуулга ерөнхий 3 хэсэгтэй явагдсан юм.
-
Ур чадварын үнэлгээ (Ур чадварт юу юуг хамааруулах вэ? Ур чадварын үнэлгээг хэрхэн системтэй хийх вэ?, Үнэлэх шалгуур үзүүлэлт, дэд үзүүлэлтүүд юу байх вэ? Үнэлэх арга хэлбэр ямар байх вэ? Ямар ямар аргыг яаж ашигладаг вэ? Хэр давтамжтай хийх вэ? Үнэлгээг хэн хийх вэ? Үнэлгээ хийх хүнийг хэрхэн сургадаг вэ?)
-
Гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI (Тухайн ажил үүргийн зорилго, зорилтыг хэрхэн тодорхойлох вэ? Зорилтыг гүйцэтгэлтэй хэрхэн уялдуулах вэ?, Үнэлэх шалгуур үзүүлэлт, дэд үзүүлэлтүүд юу байх вэ? Ажлын байран дээрх үйлдлүүдийг гүйцэтгэлтэй хэрхэн холбох вэ? KPI буюу гүйцэтгэлийн үнэлэх шалгуур үзүүлэлтийг хэрхэн боловсруулж гаргах вэ? Ямар ямар аргыг яаж ашигладаг вэ? Үнэлгээг хэр давтамжтай хийх вэ? Үнэлгээг хэн хийх вэ? Үнэлгээ хийх хүнийг хэрхэн сургадаг вэ?)
-
Гүйцэтгэлийн менежмент (Өөрийн байгууллагад тохирсон үнэлгээний тогтолцоог хэрхэн боловсруулан загварчилж гаргах вэ? Шалгуур үзүүлэлтүүд тодорхой болсон бол энэхүү системийг хэрхэн удирдан явуулах вэ? Холбоотой жишээ, фактууд болон гарах эрсдэл, алдаа юу юу байдаг вэ?)
Эцэст нь байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор, 30-аад жил хүний нөөцийн салбарт зөвлөхөөр ажиллаж буй И Ён Сог багш маань хичээлээ дүгнэж хэлэхдээ ажилтны үнэлгээг ур чадвар, гүйцэтгэлээр нь тус тусад нь хийх хэрэгтэй бөгөөд өөрийн байгууллагад тохирсон үнэлгээний системийг ийнхүү өөрсдөө боловсруулж гаргасны дараа тэрхүү тогтолцоогоо үр дүнтэй удирдан явуулах нь хамгийн чухал гэдгийг онцолж анхааруулав.
Оролцогчид маань ч мөн хичээлийн төгсгөлд сэтгэгдлээ хуваалцахдаа “KPI гээд яригдаад сонсогдоод байдаг зүйл маань зүгээр нэг номон дээрээс хуулбарлаж аваад байгууллага дээрээ нутагшуулчихдаг зүйл бус салбарынхаа онцлог, байгууллагынхаа нөхцөл байдал, цар хүрээ, ажил үүргийн онцлогоос шалтгаалан өөрсдөө боловсруулж гаргадаг зүйл юм байнаа гэдгийг маш сайн ойлголоо” гэж хэлсэн юм.
Гүйцэтгэлийн үнэлгээ, гүйцэтгэлийн менежмент гэдэг Монголын хувийн хэвшлийн байгууллагуудад илүү их хэрэгцээ шаардлага өндөр байдаг тул тун их талархал хүлээсэн дээрх сэдвээр бид ирэх 2-р сарын 4-ний өдөр хувийн хэвшлийнхэнд зориулсан сургалтаа зохион байгуулах болсныг дуулгахад тун таатай байна.
Та бүхэн 91003549 утсаар бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.