Сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал буюу ISD

Бидний төслийн ээлжит нэгэн сургалт. 

Үргэлж л шинийг мэдье, суръя гэсэн оргилуун хүсэл тэмүүллээр дүүрэн МАНАЙ АНГИЙНХАН. 2 жил гаруй хугацаанд нийт 6 удаагийн воркшопт баг хамт олноороо оролцож сурсан зүйлээ хэрэгжүүлэн ажил болгох гэж чадах ядахаараа зүтгэж буй НЭГ АНГИЙХАН. 

Энэ удаагийн сургалт маань өнгөрсөн 2-р сард явуулсан "Сургалт хөгжлийн тогтолцоо бий болгох нь" сэдвийн үргэлжлэл болгон "Сургалтын хөтөлбөр боловсруулах нь" сэдвээр зохион байгуулагдлаа. 

 

 

Уг сургалтаар сургалтын хөтөлбөр боловсруулах хамгийн сүүлийн үеийн шинэлэг шийдэл болох ISD-г танилцуулсан билээ. Instructional Systems Design /ISD/ гэдэг нь аливаа сургалтыг илүү үр өгөөжтэй болгохын тулд системчлэн, олон талаас нь харж төлөвлөн зохион байгуулах аргачлал бөгөөд ADDIE model нь олон улсад ихэд түгээмэл ашиглагддаг болно. Сургалтыг зохион байгуулахын өмнө хэнд(тухайн сэдвээр хэдий хэр мэдлэг, туршлагатай хүмүүс вэ?), ямар сэдвээр, ямар хэлбэрээр, хэдий хэр хугацаатай, хэн сургах, хэн зохион байгуулах, хэн хэрэгжүүлэх, хэн үр дүнг хянах гэх мэт маш олон талын хэрэгцээний судалгаа болон урьдчилсан судалгааг хийж, дараа нь нэг бүрчлэн процесс тус бүрийг зураглан төлөвлөж, сургалтын материал болон бусад арга ажиллагааг боловсруулж эцэст нь сургалтаа зохион байгуулж үр дүнг хэрэгжилтийн түвшинд дүгнэснээр энэ үйл ажиллагаа маань дуусах ёстой. Энэ аргачлал загвар маань маш их ажиллагаатай хэдий ч гайхамшигтай үр өгөөжийг авчирдаг. 

 

 

Өнөөдөр маш олон ААН, байгууллагууд асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан олон тооны хүмүүсийг эцэс төгсгөлгүй сургадаг. Гэвч үр дүн нь гарч байна уу? Эсвэл үр дүн нь хүлээсэн түвшинд хүрч байна уу? Сургалтын үр дүн зөвхөн тухайн хувь хүнд мэдлэг болон үлдэж байгууллагад үр өгөөжөө өгч чадахгүй байгаа биз? 

 

 Дээрх асуудлыг шийдвэрлэхээр сургалт хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон боловсрол сургалтын чиглэлээр олон жил судалгаа дүгнэлт хийж ирсэн багш, эрдэмтэд ISD гэсэн шинэ томъёоллыг, шинэ аргачлалыг боловсруулан гаргаж ирсэн бөгөөд маш олон компаниудын болон төрийн байгууллагуудын ҮР ДҮНГҮЙ СУРГАЛТ-ын асуудлыг шийдсээр байна. 

Дарханчууд маань ч үүнээс суралцаад авлаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гэдэг хэн хэнээс илүү сурч хөгжиж байх шаардлагатай байдаг, байнгын мэдлэг, шинэлэг арга ажиллагааны эрэл хайгуул дунд байдаг хүмүүс. Тэд ISD аргачлалд суралцсанаар байгууллагын дотоод нөөц бололцоог хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? байгууллагын чадамжийг хэрхэн дээшлүүлэх вэ? дотоор сургалтыг хэнд зориулж хэрхэн зохион байгуулж бодит үр дүн гаргаж авч болох вэ? гэх мэт асуудлаа шийдвэрлэх аргаа олсон бөгөөд бүтэн 3 өдрийн турш өөрсдийн гараар сургалтын хөтөлбөр боловсруулцгаав. 

 

 

Тийм ээ, бид ихийг сурсан. Сурах сурахдаа маш амжилттай сурч авсан. Харин одоо хэрэгжүүлэх л үлдлээ.