Воркшоп үр дүнтэй хийх аргачлал

Воркшопыг хэрхэн үр дүнтэй хийх вэ? гэдэг асуудлыг ярихаасаа өмнө "ер нь воркшоп гэж юу вэ?", "бидний мэдэх сургалтын хэлбэрүүдээс юугаараа ялгаатай вэ?" гэдэг талаар тайлбарлъя. 

 

 

Бидний мэдэх сургалтууд ерөнхийдөө лекц, семинар гэсэн 2 төрөлд хуваагддаг. Лекцийн хувьд багш суралцагч нарт өөрийн мэдлэг, туршлагыг онолын үндэслэлтэйгээр дамжуулах үйл явц, харин семинар бол онолын мэдлэгийг дадлага ажилтай хослуулан дахин боловсруулалт хийх үйл явц байдаг. Эдгээр нь бүх төрлийн албан болон албан бус боловсролын байгууллагуудад явагддаг сургалтын хэлбэрүүд. 

Харин байгууллагын орчинд сургалт хэрхэн яаж явагддаг вэ? Манай ихэнх байгууллага, ААН-үүдэд гаднаас хэн нэг багш ирж тухайн сэдвээр лекц уншиж ямар нэг тоглоом тоглуулж эсвэл даалгавар ажиллуулдаг, эсвэл сургалтын байгууллагууд дээр мөн л лекц сонсож хэдэн юм тэмдэглэж асууж аваад өнгөрдөг. Энэ нь зүгээр л нэг мэдлэг мэдээлэл дамжуулалт, мэдлэг мэдээллийн солилцооны цаг байдаг. Угтаа бол сургалт хийж буй зорилго нь "үүнийг сураад хэрхэн яаж хэрэгжүүлэв, хэрэгжүүлсэнээр юу өөрчлөгдөв, юу сайжрав, ямар үр дүн гарав, цаашид үргэлжлүүлэх үү" гэдэгт хариулт авахад орших ёстой байдаг. 

Воркшоп гэдэг бол хөгжингүй улс орнуудын бүхий л төрлийн байгууллагад явагддаг нэгэн сургалтын хэлбэр юм. Энэхүү үйл ажиллагаа нь байгууллагын орчинд буюу ажлын байран дээр ихэнхдээ явагддаг, багшийн дамжуулсаныг хүлээн авах бус өөрсдөө ярилцаж, шүүн хэлэлцэж, санал бодлоо хуваалцаж, тархиа ажиллуулж, байгаагаа шавхаж байж асуудлыг шийдвэрлэдэг, үр дүн гаргаж авдаг, шийдлийг олдог сургалтын хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ, БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ гэсэн бичигдээгүй хуулинд үндэслэсэн харьцангуй үр дүнтэй сургалтын хэлбэр билээ. Воркшопт багш маш их завтай, оролцогч нар харин тун завгүй байх ёстой. 

 

 

Энэхүү сургалтын хэлбэр хөгжсөөр воркшопыг улам үр дүнтэй болгох маш олон арга, аргачлал, ажиллагаанууд бий болсоор сүүлийн үед хамгийн их олны талархлыг хүлээж буй төрөл бол FACILITATION WORKSHOP юм. Асуудал шийдвэрлэх болон ямар нэг шийдэл гаргаж авах бүх төрлийн сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж гол нь оролцоонд суурилсан аргаар шийдэлд хүрнэ. Хамгийн чухал нь гаднаас ирсэн хэн нэг багш хариултыг өгөх бус, тухайн асуудал, сэдэв, үйл явцыг хамгийн сайн мэддэг, түүнийг гүйцэтгэдэг ажилтнууд өөрсдөө ухаан, туршлагаа уралдуулан ярилцаж шийдлээ олж авдаг гэдэг утгаараа гадны юм бус, бидний юм болж хувирдаг, өөрөө санаачилсан тул урам зоригтой, хариуцлагатай гүйцэтгэж эцсийг нь үздэг. 

 

FACILITATION WORKSHOP-д хэрэглэгддэг нэг аргачлал бол CWM/Consensus Workshop Method/ юм. Энэ нь тухайн сэдэв, асуудлын талаар хүн болгоны санаа бодлыг болон шийдлийг цуглуулж түүнийгээ хоорондоо хэлэлцэн давхардсаныг хасч ангилал хийн базаж түүнээс хэрэгжүүлэх ажлаа гарган авдаг аргачлал юм. Воркшопын туслах хэрэгслүүд болох наалддаг самбар, өнгө өнгийн карт зэргийг ашиглан шинэ санал, санаачлагыг хэрхэн олноор нь цуглуулж, ангилан ялгаж, хамгийн гол нь олноороо нэгэн зөвшилцөлд хүргэхэд чиглэсэн байдаг. 

 

 

Дээрх арга, аргачлалаар бид МУ-д 4 дэх жилдээ 10 гаруй толгой байгууллагын нийт 200 гаруй ажилтан, ажиллагсдад воркшоп зохион байгуулж олон асуудалд шийдэл олж байгууллага хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.