Байгууллагын сэтгэлзүйгээр амьсгалсан HR Update арга хэмжээ

Хүний нөөцийн салбарт хүчин зүтгэдэг бүх хүмүүст зориулсан, мэдлэг мэдээллийг нь шинэчилж update хийх зорилго бүхий HR UPDATE арга хэмжээ маань энэ сарын 15-ны өдөр маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. 

Энэ удаагийн арга хэмжээ нь байгууллагын сэтгэлзүйд суурилсан хүний нөөцийн удирдлага сэдвийн дор явагдаж сэтгэл судлалын тэр дундаа байгууллагын сэтгэл судлалын мэргэжилтэн, судлаачид илтгэл тавьж үнэтэй зөвлөгөө мэдээллээ хуваалцлаа. 

 

 

Тус арга хэмжээ 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт сэтгэл судлалын оношлогооны аргачлал ба түүний хэрэглээг танилцуулж харин 2 дахь хэсэгт хүний нөөцийн сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээ зэрэг бүхий л функцэд олон улсад өргөн ашиглагдах болсон сэтгэлзүйн тестийн аргачлалыг танилцуулж манай улсад ямар ямар тестийг ашиглаж болох, тэдгээр нь хоорондоо ямар ялгаатай, хариу тайлангийн өгөх мэдээлэл болоод тестийн зохистой байдал зэргийн талаар зочин илтгэгч нар мэдээлэл танилцуулга хийлээ.

Илтгэгч нарыг танилцуулбал, 

  • Булган /Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн зөвлөх сэтгэлзүйч - Байгууллагын сэтгэл судлалын магистр, Худалдааны сэтгэл судлалын магистр/
  • Энхжаргал /NPC&Mandal ХХК-ийн захирал/
  • Гандолгор /Ганабел Институтын захирал/
  • Мөнхнаран /United Management Consulting ХХК, Карьер хөгжлийн төвийн захирал/

 

Харин алс холоос хүрэлцэн ирсэн хүндэт зочин илтгэгчээр, 

  • И Ён Сог /БНСУ-ын ORP Институтын захирал, Сонгюнгуань Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор - Аж үйлдвэрлэл, байгууллагын сэтгэл судлалын ухааны доктор/ 
  • Юү Хи Жэ /БНСУ-ын ORP Институтын гүйцэтгэх захирал, Олон улсын мэргэшсэн фасилитейтор - Менежментийн ухааны доктор/ нар уригдан ирж илтгэл тавьсан юм.

 

 

И Ён Сог доктор илтгэлдээ байгууллага болон багийн оношлогооны ач холбогдол, үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж олон улсад, ялангуяа Азидаа хөгжлөөрөө тэргүүлэгч БНСУ-д байгууллагууд оношлогоог ямар зорилгоор ашиглаж, ямар үр дүн гарч, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар илтгэл тавьж энэхүү байгууллагын цогц оношлогоог монгол хэл дээр хийлгэж бүрэн оношлуулах боломжтой болсныг дуулгалаа. 

Харин 2 дахь хэсэг буюу сэтгэлзүйн тестийн талаар зочин илтгэгч Юү Хи Жэ танилцуулж бид яагаад сэтгэлзүйн тестийг сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээнд ашиглах хэрэгтэйг дэлгэрэнгүй тайлбарлав. Аливаа хүний гүйцэтгэл, ажлын бүтээмж гэдэг тухайн хүний зан төлөвтэй шууд холбоотой байдаг, энэ нь тухайн хүний үйлдэл, байр байдлаар илэрдэг бөгөөд зан төлөвт суурилсан үйлдлээр нь бид нар хүнийг зөв таньж чадвал ирээдүйд тухайн хүний гүйцэтгэл, бүтээмж ямар байхыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таамаглан тогтоож болохыг дурдаад Ази хүний соёл, сэтгэхүйн онцлогийг тусгасан TAI тестийн онцлогуудыг танилцууллаа. Хамгийн гайхалтай нь тэрээр уг арга хэмжээнд оролцогчдод тус тестээр өөрийгөө оношлуулах боломж өгсөн явдал байлаа. 

 

 

Уг арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж хүний нөөцийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдээ үргэлж шинэ мэдлэг, мэдээллээр цэнэглэж байдаг Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар болон түүний хамт олонд талархал илэрхийлье.