И Ён Сог: Бид загас барих аргыг зааж өгөхийг зорьж байгаа.

Бизнес радио 98.9-ийн "Vision" нэвтрүүлгээр ORP Институтын захирал И Ён Сог ярилцлага өглөө. 

 

 

Хүний нөөцийн удирдлага буюу HRM /Human Resource Management/ хэмээх ойлголтоос гадна хүний нөөцийн сургалт хөгжил буюу HRD /Human Resource Development/, байгууллага хөгжүүлэлт буюу OD /Organization Development/ хэмээх ойлголтуудын талаар хэдхэн хором ярилцаж ORP Институт өөрөө ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох, Монголд явуулж буй үйл ажиллагааны зорилго, цаашдын алсын харааны талаар ярилцлаа. 

И Ён Сог :

HRD бол HRM-ийн нэг хэсэг бус паралелл хамааралтай, зэрэгцэн орших тусдаа дэд салбар юм. Хүний нөөц хөгжүүлэлтийн хэлтэс солонгосын компаниудад бол бүр тусдаа байдаг, байгууллагыг хөдөлгөгч хүч болох "ХҮН"-ийг сургаж хөгжүүлж бүтээмжийг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэлбэрийг судалж хэрэгжүүлж эргээд үнэлж дүгнэн арга барилаа сайжруулж байдаг нэгж юм. 

Харин OD бол байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг авчрах тодорхой процесс бүхий үйл ажиллагаа бөгөөд байгууллагын үр дүн, бүтээмжийг илүү өндөр түвшинд хүргэх төрөл бүрийн хөтөлбөрүүдээс бүрдсэн үйл ажиллагаа хэмээн ойлгож болно. Хүн гэлтгүй байгууллага ч мөн адил нэг байрандаа удаан зогсож ямар нэг шинэчлэл өөрчлөлт хийхгүй бол хэсэг хугацааны дараа мөхнө. Мөхөхгүйн тулд тасралтгүй өөрчлөгдөж шинэчлэгдэх хэрэгтэй болдог.

Үүнд гүйцэтгэх удирдлагууд, нэгжийн удирдлагуудыг сурган хөгжүүлэх, манлайлах ур чадварыг дээшлүүлэх зэрэг хөтөлбөрүүд багтдаг бөгөөд өөрчлөлтийг өөрөөсөө бас жижиг зүйлээс эхэлдэг. 

Бид Монголын эрүүл мэндийн салбарынханд 4 жилийн турш байгууллага хөгжүүлэлтийн сургалт хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах бага ч атугай өөрчлөлт шинэчлэлийг бий болгохоор ажилласан. Ингэхдээ бид байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг бий болгоход юу хийх хэрэгтэй талаар удирдлагуудыг сургаж change agent-ийн үүрэг гүйцэтгэгч фасилитейторуудыг бэлтгэн гаргасан. 

Мөн энэхүү үйл ажиллагаа төдийгүй хүний нөөцийн удирдлага болоод хүний нөөц хөгжүүлэлтийн хөтөлбөр сургалтууд маань хувийн хэвшлийн байгууллагуудад мөн өгүүлэгдэж байгааг анзаарч тэдэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Хамгийн гол нь бид бэлэн загас авчирч өгөхийг зориогүй, загас барих аргыг нь зааж өгөхийг зорьж байгаа. Солонгост эсвэл аль нэг оронд хэрэгжээд хичнээн сайн шалгарсан арга барил байлаа ч 100% монголын хөрсөнд бууж амжилт олно гэсэн баталгаа байхгүй, тиймээс аргыг нь сурч аваад өөрсдийн нөхцөлд байдалд тохируулан боловсруулсан нь хавьгүй үр дүнтэй төдийгүй цаг хугацаа, зардал хэмнэх магадлалтай байдаг. Бид солонгосын компаниудын ашигладаг бэлэн маягт загварыг тараахаас илүүтэй төрөл бүрийн арга ажиллагаа, аргачлалыг нь заагаад өгье өөрсдөө хий гэж зөвлөдөг. Энэ нь өөрөө монголын хүний нөөцийн салбарыг хөгжүүлэхэд маш нөлөөтэй байх болно. 

 

Үргэлжлүүлэн та бүхэн 10-р сарын 2-ны өдөр 98.9 радиогоор цацагдах шууд нэвтрүүлгийг хүлээн авч сонсоорой.