'Мэргэжилтний тасралтгүй хөгжил' төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

"Continuing Professional Development" буюу "Мэргэжилтний тасралтгүй хөгжил" төсөл маань Монголын эрүүл мэндийн салбарт  өөрийн гэсэн түүхээ үлдээн амжилттай хэрэгжиж дууслаа. 

 

 

2014 оноос БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эрүүл Мэндийн Боловсролын Тэнхим, Рафаел Интернэйшнл ТББ, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв хамтран улсын эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх зорилготойгоор уг төслөө эхлүүлж байв. 

 

 

Төсөл маань эмнэлзүйн сургалт ба байгууллага хөгжүүлэлтийн сургалт гэсэн 2 үндсэн чиглэлтэйгээр явагдсан бөгөөд тус сургалтуудад СБД, БЗД-ийн 1, 2-р шатлалын эмнэлэг, Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн Эмнэлэг, өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд оролцсон байна. Өнгөрсөн 4  жилд эмнэлзүйн чиглэлээр нийт 80 гаруй сургагч багшийг бэлтгэн гаргаж тэдгээр сургагч багшийн сургалтанд нийт 850 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бол байгууллага хөгжүүлэлт ба хүний нөөцийн чиглэлээр нийт 7 фасилитейтор, 18 эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн мэргэжилтэн, 54 чэнж эйжэнт буюу өөрчлөлт шинэчлэлийг удирдагч нарыг бэлтгэн гаргаж нийт 780 гаруй эмч, мэргэжилтнүүдэд байгууллага хөгжүүлэлтийн сургалт хийлээ.   

 

 

Төслийн маань хэтийн зорилго бол хүний нөөцийг чадавхижуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах явдал билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 1, 2-р шатлалын эмч мэргэжилтнүүдийг хүүхэд, эх барих ба эмэгтэйчүүд, рентген, лаботари, эхо, зүрх судас, яаралтай тусламжийн чиглэлээр онол практик хосолсон сургалтуудыг явуулсан нь эмч мэргэжилтнүүдийн маань сургалтын хэрэгцээнд нийцсэн, туйлын үр дүнтэй, бодитой байж, оролцогч нараас шууд ашиглаж болохуйц арга техникийг эзэмшүүлж чадсан хэмээн өндөр үнэлгээ авч байлаа. Мөн эмнэлзүйн сургалтуудаас ч илүү үр дүнтэй байсан байгууллага хөгжүүлэлтийн сургалтыг оролцогч бүр магтан шагшиж байлаа. Учир нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн сургалтуудаас гадна баг болж ажиллах, ганцаараа биш хамт олноороо асуудлыг хэлэлцэж шийдлийг олох, асуудалд дүн шинжилгээ хийх, эмнэлгийн байгууллагын зорилго зорилт, алсын харааг шинэчлэн тогтоох, түүнийг биелүүлэх системтэй стратеги төлөвлөгөө боловсруулах, байгууллагад өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ байсан. Тэрхүү хэрэгцээгээ олон улсын туршлагатай багш нарын дадлага ажилд суурилсан воркшоп сургалтаар бүрэн хангаж чадлаа, маш их зүйл сурлаа, аливаа өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх арга барил, байгууллагын соёлыг шинэчлэн төлөвшүүлэх олон арга ажиллагаанаас суралцлаа хэмээн дүгнэж байлаа.  

 

 

Тийм ээ, Монгол орны хахир хүйтэн өвлийг ч ажрахгүй биднийг зорин ирж мэдлэг, оюунаа харамгүй зориулж байсан багш, профессорууд, төслийн багийнхны маань итгэл найдвар биеллээ олсон байна. Бид Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах их үйлсэд бага ч болтугай хувь нэмэр оруулсандаа туйлын их баяртай байна.