Байгууллагын хүний нөөцийн удирдлагын цөм нь хүний чадвар, чадамжаар байгууллагын зорилго, зорилтыг биелүүлэх, түүнийг үр дүнтэй төлөвлөн зураглахад оршино. Энэ нь зүгээр нэг сонгон шалгаруулалт хийх, үнэлгээ дүгнэлт хийх, цалин өгөх, сургалтын хөтөлбөр боловсруулахаас илүү гүн гүнзгий ойлголт бөгөөд хүний нөөцийг зөв удирдан бүтээмж гаргаж авахын тулд бид яах аргагүй “ХҮН” гээч баялагийн талраах ойлголтоо өөрчлөх хэрэгтэй болно. Угтаа байгууллагын амжилттай байх эсэх нь хүнээс шалтгаалдаг. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтнүүд хүн танай байгууллагад ажилд ороод юу гэж бодож сэтгэж ямар үйлдэл, байр байдал гаргаж ямар үр дүн, өгөөж гаргах вэ гэдгийг тодорхойлдог хүчин зүйлсийн талаар маш их сонирхдог байх хэрэгтэй.
Удирдлагууд ч бай ажилтнууд ч бай, тэд байгууллагын зорилтыг биелүүлэхийн тулд ажиллаж, харилцан хамтарч, байгууллагыг удирдах явцад тийнхүү үйлдэл гаргаж байгаа өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэдгээр онцлогуудаас бие хүн буюу зан төлөв(Personality) гэдэг ойлголт нь хүнийг таньж мэдэн түүний үйлдэл, байр байдал, гүйцэтгэл, үр дүнг нь таамаглах чухал үзүүлэлт юм. Зан төлөв нь хүний ажлын гүйцэтгэх явцад гаргаж буй үйлдэл ба байр байдал, манлайлах ур чадварын хэв маяг, баг нэгжийн үр дүн, байгууллагын нийтээр гаргаж буй үр өгөөжид шууд нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна. Хөгжингүй орнуудын шилдэг компаниудад зан чанарыг тодорхойлдог зан төлөвийн тест, манлайллын тест зэргийг ашиглан чадварлаг хүн сонгон шалгаруулж авах, манлайлах ур чадварыг тогтоох, манлайллыг хөгжүүлэх, цаашлаад байгууллагыг бүхэлд нь хөгжүүлэх зэрэг хүний нөөцийн удирдлага ба хүний нөөц хөгжүүлэлтэд өргөн ашиглагдаж байна.
Ер нь бол зан төлөв гэдэг нь хүмүүсийг, ажлын орчинд, ямар нэгэн харилцан үйлчлэл бий болгоход нөлөөлдөг хувийн онцлогуудын нэгдэл юм. Өөрөөр хэлбэл, “аливаа хүнийг өөрийн гэсэн онцлогтой болгож буй, харьцангуй тогтмол шинжтэй үйл хөдлөл, сэтгэлгээ, сэдэл, сэтгэгдэл” зэргийг хэлнэ. Өнөөг хүртэл энэ мэт зан чанарын онцлогуудын нэгдлийг судалсан маш олон судалгааны ажил хийгдэж байсан ч хүний зан чанарын бүтцийг ерөнхийд нь 5 гол төрөл(Big 5)-д ангилж иржээ. Үүнийг дэлхий дахинд тестийн аргаар, байгууллагын буюу ажлын орчинд шаардагдах 7 үзүүлэлт болгон ангилж хүний нөөцийн салбарт ашиглаж байна.
Харин TAI-PI (Talent Assessment Institute-Personality Inventory) нь хүмүүст нийтлэг байдаг, аливаа ажил үүрэг гүйцэтгэх эсвэл манлайллыг амжилттай явуулахад нөлөөлдөг зан төлөвийн 7 онцлогийг тодорхойлон танилцуулж байна.
- Өөдрөг үзэл
- Ёс суртахуун
- Гадагшаа чанар
- Бусдыг ойлгох байдал
- Өрсөлдөх үзэл
- Үнэнч байдал
- Шинийг эрэлхийлэх байдал
Үргэлжлэлийг Human Capital сэтгүүлээс хүлээн авч уншина уу.
Т.Даваасүрэн taimon@talentsassessment.com