Удирдлагын манлайлал сургалт боллоо.

ORP Институтын захирал, байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор И Ён Сог-ийн Монгол дахь ээлжит сургалт энэ сарын 1, 2-нд УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ сэдвээр явагдлаа. 

 

 

Эрүүл мэндийн удирдах ажилтны нийгэмлэг, Рафаэл Интертнейшнл ТББ, ORP Институтын хамтран зохион байгуулсан уг сургалтанд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Өргөө Амаржих Газар, Хүрээ Амаржих Газар, Амгалан Амаржих Газар, Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв, Сонгинохайрхан Дүүргийн Эрүүл Мэндийн Төв, Эрин Эмнэлгийн газар, албадын дарга, тасгийн эрхлэгч нар оролцож 2 өдрийн турш оюун билгээ уралдуулж номын дуу сонслоо.

 

 

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан уг сургалтын агуулга дараах 4 дэд сэдвийн хүрээнд явагдсан болно. 

  • Өөрчлөлтийн менежмент /Change management/
  • Байгууллагын менежмент /Organization management/
  • Гүйцэтгэлийн менежмент /Performance management/
  • Хүний нөөцийн менежмент /People management/

Дээрх асуудлууд маань эргээд хувь хүний удирдлага, зохион байгуулалтын асуудал болох self management-тэй холбогдоно. 

И Ён Сог профессорын сургалт "оролцоонд суурилсан" гэдгээрээ маш онцлогтой байдаг. Энэ удаагийн сургалт маань ч удирдах ажилтныхаа хувьд ямар хандлага, сэтгэлгээтэй байх ёстой, ямар үүрэг оролцоотой байх ёстойг CWM аргачлалаар хэлэлцүүлэг хийлгэж шийдэл гаргалгааг өөрсдөөр нь гаргуулах аргаар явагдав. 

Мөн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага хэрэгцээг мэдэрсэн ч өөрчлөлтийг эхлүүлэхгүй явсаар сүүлд нь тэрхүү ялзрал дотроо живж үхэх аюултайг дахин дахин сануулж өөрчлөлтөд уриалж байлаа. 

Сургалтанд оролцогчдын манлайлах ур чадвар болон ямар чиг үүрэгт тохиромжтойг урьдчилан сэтгэлзүйн оношлогоо, тест (TAI test)-ийн аргаар оношилж тогтоосон бөгөөд хариу тайлан гайхамшигтай таарч байгааг оролцогчид онцолж байсан юм. 

 

 

Оролцогчдын сэтгэгдлээс... 

 

Маш цэгцтэй, агуулгын хувьд чанартай сургалт байлаа. Өгч буй мэдээлэл, оношлогоо нь олон жилийн судалгаа, шинжилгээний дүнд бий болсон нь харагдаж байна. Маш их баярлалаа. 

 

Өөрчлөлт хийх сэдэл төрүүлсэн. Өөрийгөө үнэлэх, хаана байгаагаа тодорхойлох боломж олгосон. Олон олон удирдлагууд энэ сургалтанд хамрагдаасай. 

 

Маш чухал, өөрийн ажил амьдралд мөрдөж болох олон талын сэдэв, хичээлийг багаараа сайн суралцаж их зүйлийг хийх хүсэл тэмүүлэлтэй боллоо. Ажилчиддаа хандах хандлага, удирдах арга барил, өөрийнхөө мэдлэгийг нэмэгдүүлсэн сайхан сургалт байлаа. 

 

Сургалтын арга барил нь сонирхол татав. Хүний анзаардаггүй, хэвшүүлэх ёстой зүйлсийг сануулж ойлгуулсан. 

 

Урьд өмнөх удирдлагын менежмент, манлайллын сургалтаас илүү өгөөжтэй, өөрийгөө өөрчлөх боломжийг бий болголоо. 

 

Урьд нь авч байсан мэдлэгээ сэргээлээ. Хийх ажилдаа итгэлтэй боллоо. Буцах, шантрах үе гарвал даван туулах ёстой даваа гэдгийг ойлголоо. Шантрахгүй урагшлах тэмүүлэлтэй, арга замтай боллоо. 

 

Мэдээд байгаа мэт боловч сайн ойлгохгүй байсан зүйлсийг тодорхойл болгож өглөө. 

 

Ингээд салбарын манлайлагч нартаа ажлын өндөр амжилт хүсч цаашид ч мөн шинэлэг бүх зүйлд нээлттэй хандаж өөрчлөлт шинэчлэлийг байлдан дагуулж байгаасай хэмээн ерөөе.